“Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” /2026-2030 он/-г боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор Онур Бурак Дурсун ажиллан, холбогдох ажлуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж дадлагажуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн сүүлийн үеийн оношилгоо үнэлгээний шинэ арга хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхээр “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлсэн. Ингэснээр Монгол Улсад Аутизмын хүрээний эмгэгийг эрт үед нь оношлох суурь тавигдаж байна.

- Мөн Эрдэнэт хотод аутизмын хүрээний эмгэг, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг дадлагажуулах төв байгуулахаар ажиллаж эхлээд байна. Үүнээс гадна цаашид нийслэлийн зарим дүүрэг хороодод тус төвийг байгуулах юм. Ингэснээр хүүхдийн хоёр насны вакцины хамрагдалтын үед асуумжийн аргаар эрт илрүүлэлт хийж улмаар сэжигтэй тохиолдлыг CARS-2 аргачлалаар баталж, шаардлагатай тохиолдолд “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргаар оношилж, эрт үед зан үйлийн болон хэл засал гэх мэт заслуудад хамруулах замаар цогц арга хэмжээ авах боломжтой болно.
- Ажлын хэсгийнхэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд үйл ажиллагааны явцаа танилцууллаа.