Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН 11 АЙМГИЙН 12 СУМ ТҮРГЭНИЙ ШИНЭ МАШИНТАЙ БОЛЛОО     ЭМЯ  С.ЧИНЗОРИГ САЙД АХБ-НЫ ЗҮҮН АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА   ЭМЯ  ЭХЭМҮТ: НЯРАЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО   ЭМЯ  С.ЧИНЗОРИГ: ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ГАДААДАД ЭМЧЛҮҮЛСЭН ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН 50 ХУВИЙГ БУЦААН ОЛГОНО   ЭМЯ   МОНГОЛД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЖАГСААЛТААС ХОЁР ЗААЛТЫГ ХАСАХ БОЛОМЖ БҮРДЭВ   ЭМЯ   
 
Шуурхай мэдээ

A- A A+

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго


Засгийн газрын 2021 оны 231 дүгээр
   тогтоолын хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙНХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Эрүүл мэндийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, салбарын стратеги, бодлогыг оновчтой тодорхойлох, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 1996 оны            05 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3.Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Төрийн албаны тухай хууль;

-Эрүүл мэндийн тухай хууль;

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль;

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль;

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль;

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр;

-Холбогдох бусад хууль тогтоомж.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, засаглал болон өөрчлөлтийн удирдлага, өмнөх хэрэгжсэн хөтөлбөрүүдийн ололт, сургамжид үндэслэн оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратеги, үйл ажиллагааны зорилтуудыг харгалзан онол, арга зүй, олон улсын туршлага зэрэг бүтцийн нэгжийн чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт салбарын асуудлаар зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн бүх талын дэмжлэгээр хангаж ажиллана. Эрүүл мэндийн салбарыг зөв зохистой бодлого, зохицуулалтаар удирдана.

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамруулав.

 

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын
хэрэгцээний эх үүсвэр
 

 

 

 

 

 

 

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр.Үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж, сайдын үйл ажиллагаанд цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилт болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах;

2.2.2.эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогыг шинэчилж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх, боловсронгуй болгох;

2.2.3.нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах тогтолцоог бүрдүүлэх, эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх;

2.2.4.эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй зарцуулах арга замыг нэвтрүүлэх;

2.2.5.эмийн үнийн хөнгөлөлт, эмийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, бие даасан агентлаг байгуулсантай холбоотойгоор хүн амыг чанартай, аюулгүй эмийн бүтээгдэхүүнээр хангах, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах;

2.2.6.орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой зардал, хүнд суртлыг бууруулах.

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт чанартай, аюулгүй, хүртээмжтэй хүргэж, амьдралын чанарыг сайжруулснаар хүн амын дундаж наслалтыг уртасгахад оршино.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.4.2.эрүүл мэндийн салбарын хөгжлийг бодлогын судалгаа зөвлөмжид тулгуурлан бодитойгоор төлөвлөх, стратеги бодлогыг тодорхойлох, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

2.4.3.олон улсын чанарын шаардлагын түвшинд хүрсэн аюулгүй, хүртээмжтэй, чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх, орон нутгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, иргэд эх орондоо эмчилгээ, оношилгоо хийлгэх нөхцөл, боломжийг бүрдүүлж, гадаад оронд эмчилгээ, оношилгоо хийлгэх явдлыг зогсоох, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

2.4.4.нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, тандах тогтолцоог бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, түүнийг бууруулах, сэргийлэх чиглэлээр нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах, нийтийг хамарсан хордлого, халдварт өвчний дэгдэлт гарсан үед салбар дундын хамтын ажиллагааг хангах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.4.5.салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, биелэлтийг хангуулах, тайлагнах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх бодлого боловсруулах, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг иргэнд ээлтэй, хэрэгцээтэй байх оновчтой төлөвлөлт хийж, хэрэгжилтийг хангах;

2.4.6.эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтад хяналт тавих, дотоод аудит хийх, хяналт, үнэлгээ, аудитийн зөвлөмжид суурилсан оновчтой төлөвлөлт хийхэд болон  зөв бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

Яам нь үйл ажиллагааны стратегийн зорилтуудтай уялдсан дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.5.1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1.яамны өдөр тутмын тогтвортой үйл ажиллагаа, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах;

2.5.1.2.яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлэх;

2.5.1.3.гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх.

2.5.2.үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, нөхцөл байдалд бодлогын судалгаа хийх, дүгнэлт гаргах, судалгаа, шинжилгээний үндсэн дээр салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, нотолгоонд суурилсан төлөвлөгөө, төлөвлөлт хийх, зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлагыг бодитой үндэслэж, төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2.5.2.2.салбарын бусад байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнтэй, бодитой төлөвлөх, бодлогыг тодорхойлох, нэгдсэн удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлэх;

2.5.2.3.салбарт хэрэгжиж буй бодлогуудад бодлогын судалгаа хийх, судалгааны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, судалгаа хийх ажлыг зохион байгуулах, судалгаанд тулгуурлан үр дүнтэй, бодитой төлөвлөлт хийх.

2.5.3.үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1.бүх шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж эрүүл мэндийн тусламжийн бодлогыг хүн амд хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үзүүлж буй үйлчилгээний стандарт шалгуурын бодлогын хэрэгжилтийг хангах;

2.5.3.3.уламжлалт анагаах ухааны талаар бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

2.5.4.үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1.нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.4.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, хянах, хэрэгжилтийг хангаж ажиллах, нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийн тайван цагийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөл үүссэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудтай харилцах, эрсдэлийн үеийн мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.3.халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх сургалт, сурталчилгаа явуулах, бодлого боловсруулах, осол гэмтэл, орчны эрүүл мэнд, эрүүл ахуйн талаар улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлого, төлөвлөлт хийж, зохицуулалтын арга хэмжээ авах;

2.5.4.4.урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын бодлого боловсруулах, хяналт тавих, төрийн болон төрийн бус байгууллагаас эрүүл мэндийн чиглэлээр явуулах арга хэмжээг бодлогоор дэмжих, хамтран ажиллах, нийтийн эрүүл мэндийн асуудлуудын хэтийн төлөв байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж хүн амд мэдээлэл хүргэх, эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хамгаалах үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн оролцоо, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

2.5.5.үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1.салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах;

2.5.5.2.эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, зураг төсөв, техникийн үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах;

2.5.5.3.эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй зарцуулах арга замыг нэвтрүүлэх, эмийн үнийн хөнгөлөлт, үнийн жишгийг тогтоох, цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж олон улсын жишигт хүргэх.

2.5.6.үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1.эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ, санхүүгийн шалгалт, дотоод аудит хийх, үр дүнг нь үнэлэх.

2.6.Үйл ажиллагааны зорилт

Яамны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ. 

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.

Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар

 

 

 

 

 

 

 

 

 

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион
        байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалтны түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой илэрхийлэгдэж байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжийг хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах);

3.1.6улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагчид эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд бодитой, үр өгөөжтэй байх).

 

 

 

 


3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтэц нь дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:
 

 

 

 

 

 

 

 

 

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

3.3.1.Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гадаад хамтын ажиллагааг хариуцах үндсэн үүрэг хүлээж, яамны үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих арга хэмжээг зохицуулах, яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, хууль тогтоомжийн  хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах; гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан зохион байгуулах, хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад харилцааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, албан хэрэг хөтлөлтөд хяналт тавих, яамны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг явуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, түүнчлэн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн давхардал хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах, салбартай холбоотой гэрээ, хэлэлцээр, протоколын төслийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, эрх зүйн маргаанд яамыг төлөөлөн оролцох, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохицуулах, эрүүл мэндийн салбар дахь олон улсын хамтрагч талуудын тусламж, дэмжлэгийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулж, гадаадын зээл, тусламжийн үр дүн, үр ашгийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, эрүүл мэндийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага байна.

3.3.2.Бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд салбарын дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн салбарын хүний нөөцийн, эдийн засаг, санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн, эрүүл мэндийн даатгалын, техник, технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин, биобэлдмэлийн бодлого, төлөвлөлт болон салбарын цахим мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хийх үндсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд стратеги удирдлагын нэгж, судалгаа, төлөвлөлтийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг  боловсронгуй болгох, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад чиглэсэн бодлогоор хангах замаар хэрэгжинэ. Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, дүрэм, журам, бодлогын баримт бичиг боловсруулах, төлөвлөлтийг оновчтой хийх, зохион байгуулахад тус нэгжийн бодлогын судалгаа үнэтэй хувь нэмэр оруулна.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, эрүүл мэндийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага байна

3.3.3.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүн амд хүртээмжтэй, чанартай, аюулгүй өргөн хүрээний тусламж, үйлчилгээг үзүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, анхан шатны болон лавлагаа шатлалын анагаах ухааны тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг зохицуулах; эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах; уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд анхан болон лавлагаа шатлалын тусламжийн нэгж, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын нэгж, уламжлалт анагаах ухааны нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд энэ үйлчилгээний шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллага, лаборатори, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.

3.3.4.Нийтийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд эрүүл мэндийг дэмжих орчин бий болгоход чиглэсэн нийтийн эрүүл мэндийн чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, салбар дундын шуурхай удирдлагын үйл ажиллагааг хангах, хүн амын өвөрмөц бүлгүүдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, халдварт, халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хянах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн удирдлагаар хангах; эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харилцах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх; шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах; нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийн тайван цагийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, нийтийг хамарсан онцгой нөхцөл үүссэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудтай харилцах, эрсдэлийн үеийн мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд халдварт өвчний нэгж, халдварт бус өвчний нэгж, урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын нэгж ажиллана.

Дээрх нэгжүүд нь нийтийн эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа, халдварт болон халдварт бус өвчний хяналт, дархлаажуулалт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучууд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл мэндийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хүн амд эрүүл мэндийн боловсролыг төлөвшүүлэх, эрүүл зан үйл, аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, олон нийттэй харилцах, эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчний хяналт, сэргийлэлт, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ болон эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг хангах талаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бүх байгууллагад зохион байгуулалт, мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Тус нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд энэ үйлчилгээний шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллага, холбогдох яам, Онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллага, лаборатори, эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд байна.

3.3.5.Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, биелэлтийг хангуулах, тайлагнах, улсын төсвийн санхүүжилтийн уялдаа холбоог хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах; эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, зураг төсөв, техникийн үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалтын нэгж, санхүү, даатгалын нэгж ажиллана.

Нэгжийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүжилттэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн бодлого, тэргүүлэх чиглэлийг дэмжсэн санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлтэй уялдуулах, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг үр ашигтай, үр дүнтэй болгох, сайдыг салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Тус нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд энэ үйлчилгээний шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллагууд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон аж ахуйн нэгж байна.

3.3.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, хуульд заасны дагуу дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага байна.

 

---о0о---