Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны төрийн албаны салбар зөвлөлөөс “Тасралтгүй үргэлжлэх төрийн алба” уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Төрийн албаны зөвлөлийн “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

Уулзалтыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, төрийн албаны яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Д.Очирбат нээж, төрийн албаны залгамж халааг бэлтгэх, үнэт туршлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх нь хэрхэн чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад яамны газар, хэлтсийн дарга нар, нийт албан хаагчид оролцож, төрийн албанд олон жил зүтгэсэн ахмад үеийн төлөөллөөс суралцах, тэдний үнэт туршлага, амьдралын сургамжийг сонсох боломжийг олж авсан юм.

Энэ удаагийн уулзалтын панелистуудаар төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил үр бүтээлтэй зүтгэсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ахмад зүтгэлтэн Ц. Содномпил, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Ц. Халтар, мөн Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Д. Байгальмаа нар оролцож, төрийн албыг сонгосон замнал, ажилласан он жилүүдийн туршлага, хөгжилтэй хийгээд сургамжтай дурсамжаасаа хуваалцлаа. Тэдний яриа залуу үеийн төрийн албан хаагчдад итгэл үнэмшил, урам зориг, албандаа үнэнч байх үнэт чанарыг ойлгуулахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Уулзалтын үеэр “Төрийн албыг сонгосон шалтгаан”, “Төрийн хүн’ байхын мөн чанар”, “Албан хаах хугацаанд тохиолдсон хөгжилтэй болон сургамжтай үйл явдлууд” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд илэн далангүй, амьд харилцаа өрнөж, оролцогчид нээлттэй асуулт хариултаар санал бодлоо солилцсон нь арга хэмжээг халуун дулаан уур амьсгалтай болголоо.




