Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМГЭНЭЛ



ТАВХАЙН СҮРЭНХАЙ
(1959-2024)
 
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Тавхайн Сүрэнхай нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
 
Т.Сүрэнхай нь 1959 онд Улаанбаатар хотод төрж, 1978 онд Сувилагчийн сургууль, 1989 онд Улс төрийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн бөгөөд сувилахуй судлал чиглэлээр ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Тайван, Сингапур, Малайз улсуудад мэргэжил дээшлүүлжээ.
 
Тэрбээр ажлын гараагаа Нэгдүгээр амаржих газраас эхэлж, зэвсэгт хүчний анги нэгтгэлд ахлах, ерөнхий сувилагч, ХӨСҮТ-д Сувилахуйн албаны дарга, Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал зэрэг албыг нэр төртэй хашиж, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын сувилагчдын чадавхыг бэхжүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлж, чанар, хүртээмжийг сайжруулах, Монгол Улсад сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
 
Т.Сүрэнхай нь төр болон төрийн бус байгууллагад тасралтгүй 45 жил хөдөлмөрлөхдөө хөрш орнуудын сувилагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол-Орос-Өвөрмонголын сувилагчдын эрдмийн хурал, Монгол-Оросын сувилагчдын уулзалт зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд “Сувилагч танд” сэтгүүл, “Сувилахуйн мэдээ” сониныг үүсгэн байгуулж, сувилагч мэргэжлийг олон нийтэд сурталчлан алдаршуулсан иргэний нийгмийн зүтгэлтэн байлаа.

Эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж, 2021 онд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээжээ.
 
Мөн сувилахуйн хөгжлийн түүхэнд оруулсан түүний гавьяаг Олон Улсын Улаан Загалмайн Хорооноос үнэлэн 2007 онд сувилагчийн олон улсын дээд шагнал Ф.Найтенгейлийн одонгоор шагнажээ.
 
Тавхайн Сүрэнхайгийн ур чадвар, эрдэм ухаан, хүнлэг энэрэнгүй сэтгэл, чин шударга, ажилч хичээнгүй, төлөв даруу зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
 
 
У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Л.ЭНХНАСАН, Т.МӨНХСАЙХАН, Ж.БАТБАЯСГАЛАН, Х.НЯМБААТАР

Холбоотой мэдээ, мэдээлэл