
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжсэн байна.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар танилцуулав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаж хэрэгжсэн 11 жилийн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон. Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдуулсан, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Иймд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хуулийн хүрээнд дурдсан бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлага, хориглох зүйл, бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт зэргийг нарийвчлан тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл нар салбарын сайдаас асуулт асууж тодруулан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-2005 онд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль гарч эхийн сүү орлуулдаг бүтээгдэхүүн байдаг юм байна, хүүхдээ хөхүүлэхгүй сүү орлуулагчаар тэжээж болдог юм байна гэсэн ойлголтыг төрүүлсэн. Харин өнөөдөр эхийн сүүний хэрэглээг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдэж байгаад баяртай байна.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Хуульд хүүхдээ хөхөөр хооллох нь чухал гэдэг санаа агуулагдаж байгаад баяртай байна. Тухайн ээж хүүхдээ хөхүүлж чадахгүй зайлшгүй шалтгаантай байвал орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж болно. Бусад тохиолдолд хөхөөр хооллох ёстой гээд хуульчлаад өгчихвөл хөхөөр хооллолт нэмэгдэнэ.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Эрүүл мэндийн яам ийм санаачлага гаргаж, хуулийн төсөл боловсруулж орж ирсэнд баяртай байна. Малын сүүгээр эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн хийдэг болохын төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаарай гэлээ.
Эх сурвалж: www.parliament.mn