Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Яаралтай тусламж ба шийдэл” хэлэлцүүлгийг ЭМЯ дээр зохион байгуулж, тус яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлөөс тодорхой шийдлүүдийг тавин холбогдох албаны хүмүүстэй санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Үндэсний хэмжээний түргэн тусламжийн тогтолцоог боловсронгүй болгох үүднээс бодлогын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргах асуудлууд тулгараад байна.
Яаралтай тусламжийн асуудал бол эрүүл мэндийн салбарын бодлогын нэг чухал хэсэг төдийгүй иргэн, хувь хүн өөрөө өөртөө болон бусдад үзүүлэх анхны тусламж, түргэн тусламж, мөн эмнэлгийн бус цагдаа, онцгой байдлын алба, гал түймэртэй тэмцэх байгууллага, улаан загалмайн ажилтнуудын тусламж зэргээс хамааралтай байдаг. Иймээс эмнэлэг хүртэл яаралтай тусламж үзүүлж хүний амь насыг аврах асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэн болон дээрх мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг хэллээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа осол гэмтэлд өртсөн тохиолдолд “АЛТАН ЦАГ” буюу эхний 1 цагт анхны тусламжийг шуурхай үзүүлж чадвал нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг 2 дахин бууруулж чадна гэж үздэг. Иргэдэд яаралтай тусламжийг үзүүлэхэд нийслэлийн хувьд хүн ам нэмэгдсэн, хаягжилт, гэрэлтүүлэг муу, замын түгжрэл, жолооч нарын замын хөдөлгөөний соёл хангалтгүй, иргэд хугацаа алдаж дуудлага өгдөг зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарсаар буйг цохон хэллээ.
Шинжлэх ухаан, техник технологийн хөгжил, хотжилттой холбоотой хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөн, хүн амын дундах зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэх өвчин, тархинд цус харвах зэрэг гэнэтийн өвчлөл, осол гэмтэл нэмэгдэхийн сацуу яаралтай тусламжийн хэрэгцээ, шаардлага өсч байна. Түргэн тусламжийн дуудлагын тоо ихсэхийн зэрэгцээ яаралтай биш дуудлагын хувь төдийлөн буурахгүй байгаа юм.
Иймд яаралтай тусламжийн асуудлыг цогцоор нь харж, нэгдсэн төв байгуулах, түргэн тусламж үзүүлэх цэгүүдийг нэмэгдүүлэх, анхан шатны эмнэлгүүдийн түргэн тусламжийн чадавхийг сайжруулах, үр дүнтэй зохион байгуулалтад оруулах, иргэдийн анхны тусламжийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах түргэн тусламжид орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах, түргэн тусламжийн машины шинэчлэл хийх, нисдэг тэрэг, онгоц ашиглах, түргэн тусламжийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг боловсронгуй болгох, зайн оношлогоо, эмчилгээ болон хөдөлгөөнт эмнэлгийг ажиллуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг цогцоор нь үе шаттайгаар шийдвэрлэхээр ийнхүү хэлэлцэж байна.