Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр харьяа байгууллага, үндэсний төвүүдийнхээ удирдлагуудтай уулзаж өнгөрсөн 14 хонгийн хугацаанд өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг сонсохын зэрэгцээ бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөн шуурхай иргэд, үйлчлүүлэгчдэд хүргэх, тав тухтай орчныг бүрдүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн харилцаанд өөрчлөлт оруулах, байгууллагынхаа ариун цэвэр ОО-ийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хэмнэлтийн горимд шилжих тэвчиж болох зардлуулыг багасгах тал дээр эмнэлэг тус бүр тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар тус бүртээ мэдээллээ.
Тухайлбал Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хувьд сүүлийн жилүүдэд тус төвд хандах иргэдийн тоо өсөн нэмэгдэж байгаа ч сүүлийн гурван жил асрагчийг туслах сувилагч гэсэн орон тоон дээр ажиллуулж байгаа бол, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хувьд яаралтай тусламжийн сургалтыг ажлын цагаар хийгддэг байсныг өөрчилж ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд хийж байхаар болсон бөгөөд өмнө нь 10-аад жил ажилласан сувилагчийг сургалтанд хамруулдаг байсныг өөрчилж цаг үеийн хэрэгцээ шаардлагатай уялдуулж хоёроос дээш жил ажилласан сувилагчдыг хамруулж байхаар болж одоогийн байдлаар 120 гаруй хүн хамрагдаад байгаа аж. Мөн ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тусламж үйлчилгээ нь хоёр чиглэлээр ажилладаг бөгөөд мэдрэл, чих хамар хоолой, нярайн тасаг хамгийн их ачаалалтай ажиллаж байгааг онцлоод, орон нутагт эмч нарын 10-12 хүний бүрэлдэхүүнтэй хагалгааны баг очиж эрүү нүүр, бөөрний мэс заслыг хийж тусламж үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд ойртуулж ажиллаж байгаа талаар мэдээллээ. ЗӨСҮТ-д намар болж хотод тарваганы мах ихээр орж байгаатай холбоотой хураагдсан тарвага зурманд шинжилгээ хийхэд зориулж үргүй зардал ихээр гарч байгаа нь асуудал болж байгааг хэллээ.
Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн хувьд өнөөдрийн байдлаар 360-430 хүн тасгаар хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт гадаадын иргэд харвалтаар шалтгаалсан өвчний улмаас үйлчлүүлэх нь нэмэгдэж байгаа аж. Яаралтай тусламжийн тасаг нь 10 ортой тасралтгүй ажиллаж, амиллуулах өрөөг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаад байгааг дуулгалаа.Тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хувьд хамгийн ихээр бухимдуулдаг зүйл нь хулгайн асуудал байдаг тул “hospital- police” арга хэмжээг авч анхааруулга, сэрэмжлүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.
Улсын нэгдүгээр эмнэлгийн хувьд хэмнэлтийн горимын нэгдсэн төлөвлөгөө гаргаад батлуулан ажиллаж бйагаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилтны илүү цагийг бууруулах зорилгоор амралтыг аль болох биеэр нь эдлүүлж үндсэн нарийн мэргэжлийн эмч нар дээр резидент эмч нарын тусламжийг нэмэгдүүлэн авч ажиллаж байгаа аж. Тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хувьд автомашины зогсоолын асуудал хамагийн хүндэрэлтэй иргэдийг бухмидуулдаг байна. Үүнийг шийдэх зорилгоор таван давхар автомашины зогсоол барьж байгуулах зураг төслөө хийж бэлэн болсон бөгөөд санхүүжилт байхгүй хүлээгдэж байгааг хэлж байлаа. Энэ мэтээр эмнэлэг тус бүр өөр өөрийн байгууллагадаа хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлаасаа танилцуулсан юм.
Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд харьяа байгууллагынхаа удирдлагуудад хандан гадаад дотоодын томилолтын асуудалд хяналт тавьж ажиллахаа мэдэгдээд удирдлагын түвшинд жилдээ 2-оос дээш гадаад руу явахгүй байх, явсан тохиолдолд тайлангаа тогтсон хугацаанд тавьж шинэлэг зүйлийг байгууллагадаа нэвтрүүлж байх, ёс зүй хариуцлага сахилга алдсан тохиолдолд байгууллага дээрээ арга хэмжээ авсын дараа танилцуулж байх, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд биелүүлж хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллах, 14 хоног тутамд Пүрэв гарагийн 15:00 цагт тогтмол харьяа байгууллагын дарга нартайгаа уулзалт зохион байгуулж хийсэн ажлаа дүгнэж хийх ажлаа ярилцаж байхаар тогтлоо.