2016 оны 04 сарын 22-ны өдөр батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хууль, “Эрүүл мэндийн тухай” хуульд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалттай холбоотой эрх зүйн өөрчлөлтүүд орсныг Та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа резидент эмч буюу үндсэн мэргэшлээр суралцах их эмчтэй холбоотой томоохон өөрчлөлтүүд тусгагдсан.
Үүнтэй холбоотой шаардлагатай судалгаа, тооцоонуудыг хийх, сургалт эрхлэх байгууллагуудын хүчин чадлыг үнэлэх, шинээр сургалт эрхлэх байгууллагуудад зөвшөөрөл олгох, шаардлагатай сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, шинээр боловсруулах, ялангуяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалт явуулах боломжийг бүрдүүлэх, сургалтыг удирдах эмч-багшийг сонгох, сургаж бэлтгэх, холбогдох дүрэм, журмуудыг өөрчлөх зэрэг ихээхэн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Мөн резидент эмчид суралцах хугацаанд нь олгох санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох яамтай хамтран судалж байна.
Дээрх асуудлуудтай холбоотойгоор үндсэн мэргэшлийн сургалтын элсэлт авах хугацаа одоогоор тодорхой бус байна.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв нь нөхцөл байдлыг урьдчилан тооцож, хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмчийн мэргэжлээр энэ жил сургууль төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд зохион байгуулж олгосон болно. Иймээс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 2 жилийн зөвшөөрөлтэй хүний их эмч нар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түргэн тусламжийн төвд өмнөх жилийн төгсөгчдийн адил ажиллах боломжтойг мэдэгдье.
Жич: Элсэлттэй холбоотой мэдээллийг тухай бүр www.chd.mohs.mn цахим сайтаар хүргэх болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖЛИЙН АЛБА
Лавлах утас: 93131767