Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн Улсын нэг, гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай танилцлаа.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын багт иргэдийн гомдлыг арилгахад санаачлагатай ажиллаж, хүний нөөцийн бодлогод анхаарч залгамж, халааг бэлтгэх талаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах дархлаа дарангуйлах эмийн хяналтыг бүрэн хийх, эмчилгээ оношилгооны чирэгдлийг бууруулж, хагалгааны хүндрэл гаргахгүй байхад анхаарч ажиллах, мөн түүнчлэн эмнэлгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх алба, нэгж байгуулах, хүн амд бөөрний дутагдалд хүргэхээс сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах зэрэг ажлуудад анхаарч холбогдох арга хэмжээ авч ажиллах 2 сарын хугацаатай үүрэг өглөө.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагын багт эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл, харьцаа хандлага, эмчилгээний хяналт, эмийн хэрэглээ, эрүүл мэндийн байгууллага хоорондын эргэх холбоог сайжруулах, хүний амьдралын чанарыг сайжруулахын тулд харвалтын дараах сэргээн засах эмчилгээ, үйлчилгээнд онцгойлон анхаарах, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр өгөөжийг сайжруулж олон нийтэд мэдээлж байх, хүний нөөцийн бодлого ялангуяа залгамж, халааг бэлтгэхэд анхаарах, иргэдэд тав тухтай үйлчилгээний орчин бүрдүүлэх, ариун цэврийн өрөөний тохижилтод анхаарах, иргэдийн гомдлыг арилгахад санаачлагатай ажиллах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх алба, нэгж байгуулах зэрэг асуудлуудад анхаарч, холбогдох арга хэмжээ авч ажиллах 2 сарын хугацаатай үүрэг өглөө.